Туйлын гэрэл

Агаар мандлын дээд хэсэгт, 100 км-ээс дээш өндөрт явагддаг, туйлын бүс нутгуудад ихэвчлэн ажиглагддаг гэрэлтэх үзэгдэл. Энэ нь нарны салхи Дэлхийн агаар мандалтай харилцан үйлчилсний үр дүн юм. Нараас бүх чиглэлд цацрах өндөр энергитэй цахилгаант бөөмсийн урсгалын нэг хэсгийг Дэлхийн хүчтэй соронзон орон таслан зогсоож, хамгаалалтын бамбай шиг үйлчилж, хоёр соронзон туйл руу хазайлгадаг. Агаар мандлын дээд хэсэгт байгаа хийн молекулуудыг бөөмс бөмбөгдөх нь өөр өөр долгионы уртад (өөр өөр өнгөөр) гэрэл ялгаруулахад хүргэж, улмаар туйлын гэрэл үүсгэдэг. Тэдгээрийн өнгө бөмбөгдөгдсөн молекулын төрлөөс хамаарна. Хүчилтөрөгчийн молекулууд ногоон өнгийн гэрэл үүсгэдэг; азот улаан, ягаан, нил ягаан өнгийн гэрэлтэлт үүсгэдэг бол илүү ховор цэнхэр өнгө нь агаар мандлын маш өндөрт байрлах устөрөгчийн молекулуудаас гардаг. Дэлхийн аль хагас бөмбөрцөгт үүсэхээс хамааран хойд туйлын гэрэл (хойд хагас бөмбөрцөг) ба өмнөд туйлын гэрэл (өмнөд хагас бөмбөрцөг) гэж ялгана. Дэлхийн соронзон мандалд хэвийгээс илүү эрчимтэй нарны салхи ирснээс үүсэх томоохон геомагнитын шуурга нь илүү том туйлын гэрэл үүсгэдэг бөгөөд үүнийг ердийнхөөс бага өргөрөгт ажиглаж болно. Хойд туйлын гэрлийг мөн хойд гэрэл гэж нэрлэдэг бөгөөд тэдний тухай олон домог байдаг. Зарим хойд европын соёлд тэднийг агаар мандлын дээр оршин, шинэ сүнснүүдийн алхмыг чиглүүлэхээр асаасан бамбар барин бүжиглэдэг үхэгсдийн сүнс гэж үздэг байжээ.

Холбогдох нэр томьёо: Нарны шуурга, аврора, хойд туяа, Өмнөд туяа