Эрвээхэйн нөлөө
Агаар мандал зэрэг шугаман бус (эмх замбараагүй) динамик системийн түүний хөгжил эхний нөхцөлөөс асар их хамааралтайг илтгэдэг үйл ажиллагаа. 1960-аад оны эхээр Массачусетсийн Технологийн Дээд Сургуулийн (АНУ) цаг уурч, профессор Эдвард Нортон Лоренц (1917-2008) санамсаргүйгээр нээсэн бөгөөд 1963 онд хэвлэгдсэн өгүүллээр танилцуулсан ч энэ нь цаг уурын салбараас хэтрээгүй. Дэлхий даяар хүлээн зөвшөөрөгдсөн нь 1972 оны 12-р сард тухайн жилийн AAAS (Шинжлэх Ухааныг Хөгжүүлэх Америкийн Холбоо)-ийн чуулган дээр "Бразилд эрвээхэйн далавчны сэгсрэлт Техасад хар шуурга өдөөж чадах уу?" нэртэй илтгэл тавьсны дараа болсон юм. Лоренц агаар мандал нь эмх замбараагүй байдлын хуулиар удирддаг систем болохыг нээсэн бөгөөд үүнээс болж бид түүний ирээдүйн төлөвийг бүрэн нарийвчлалтай таамаглаж чаддаггүй. Агаар мандлын анхны төлөвийг үнэмлэхүй нарийвчлалтайгаар тогтоох чадваргүй байдал нь системийн таамаглагдах чадварт хязгаар тавьдаг. Энэ хэллэг нь түгээмэл болсон бөгөөд бүх зүйл хоорондоо холбоотой гэдгийг илэрхийлэхэд хэрэглэгддэг: тодорхой цаг мөч, газарт тохиолдсон зүйл түүнээс алс хол огт өөр, санаандгүй зүйлийг өдөөж болно.