Солонго

Энэ бол агаар мандалд тохиолддог бүх оптик үзэгдлүүдийн дундаас хамгийн алдартай, хамгийн гайхалтай нь гарцаагүй мөн. Уг үзэгдлийн нэр нь эртний Грекд бурхдын элч гэж үздэг Ирис бурхан эмэгтэйг хэлдэг. Түүний бурхдын оршин суугаа Олимп ба бидэн хүн төрөлхтөн амьдардаг дэлхийн ертөнцийн хоорондох ирэх, очих хөдөлгөөн нь солонгод болон түүний тэнгэр, газрыг холбож буй мэт үзэгдэлд сайн тусгалаа олсон. Үүнийг гэрлийн үзэгдэх спектрийн өнгөнүүдийг харуулсан, бие биенийхээ дээр давхцсан төвлөрсөн нумуудын олонлогоос бүрдсэн, том хагас тойрог хэлбэрийн гэрэлт тууз, эсвэл түүний нэг хэсэг гэж тодорхойлж болно. Улаан өнгө нь солонгын дээд ирмэг дээр, ягаан нь доод ирмэг дээр байдаг. Энэ тодорхойлолт нь үндсэн буюу анхдагч солонгод хамаарах боловч үе үе хоёрдогч солонго болон нэмэлт нумуудыг бас харж болдог. Тэдгээр бүгдийн үүсэл нь нарнаар эсвэл сарны гэрлээр гэрэлтсэн борооны дусал бүхий хөшигөөр гэрэл өнгөрөх үеийн хугарал, тусгал, дифракц, интерференцийн үзэгдлүүдээс шалтгаална. Солонгын долоон өнгийн тухай ярих нь түгээмэл боловч үнэндээ олон өнгөт тууз нь тасралтгүй спектр (continuum)-ээс бүрддэг тул тэр хуваалт нь дураар хийсэн хуваалт юм.