Мөс
Хатуу төлөвт байгаа ус. Байгальд даралт, температурын нөхцөлөөс хамаарч талстын бүтэц нь өөр өөр арван төрлийн мөс байдаг. Бидний мэддэг, дэлхий дээр хамгийн элбэг мөс нь Ih бөгөөд зургаан өнцөгт системд талсждаг ба энгийн мөс гэгддэг ч бид зүгээр л мөс гэж нэрлэдэг. Энэ нь шингэн усны хөлдөлтөөс ч, агаар мандалд агуулагдах усны уурын сублимацаас ч үүсч болно. Хязгааргүй олон хэлбэр, бүтэцтэй байдаг. Дотроо агаар нь орооцолдоогүй цэвэр мөс тунгалаг байдаг. Ихэнх мөсний харагдах цагаан өнгө нь агуулж буй агаараас болдог. Мөсөн талстуудын нэгдлээс бүрдсэн цасны цайрал нь түүний сулхан сэвсгэр бүтэцтэй холбоотой. Мөс мөн хүчтэй цэнхэр өнгөтэй байж болох бөгөөд энэ нь тэр онцгой нягт, гэхдээ агаар орооцолдсон үед тохиолддог. Энэ нөхцөл нь тусах гэрлийг тэнгэрт болдогтой төстэй байдлаар (Рэлейн сарнилт) сарниулдаг. Энэ нүд булаам цэнхэрдүү өнгийг жишээлбэл мөсөн голын гүн хагарал, зарим мөсөн уулс дээр ажигладаг. Цэвэр ус далайн түвшинд ердийн даралтын нөхцөлд (P = 1013 гПа) 0°C-д хөлддөг. Үүссэн мөсний нягт нь 0.9168 г/см3 бөгөөд шингэн усныхаас (1 г/см3) бага утга юм. Энэ онцлог нь мөс усан дээр хөвөх шалтгаан болдог.