Глори
Зөвхөн жижиг усны дуслаас бүрдэх үүлэн дээр ажиглагчийн өөрийн сүүдэр тусахад түүний эргэн тойронд харагдах нэг буюу хэд хэдэн цуваа солонгорсон цагирагаас бүрдэх агаар мандлын оптик үзэгдэл. Хааяа цас, шүүдэр дээр бас ажиглагддаг. Энэ нь тусах гэрэл дуслууд дээр хойш сарних үйл явцын үр дүн бөгөөд гэрлийн ойлт, хугарал, дифракц хосолдог. Глорийн өнцгийн диаметр нь солонгоныхоос хамаагүй бага бөгөөд дуслуудын диаметртэй урвуу пропорциональ. Дуслын хэмжээ хэр жигд байгаагаас хамаарч бид нэг цуваа цагираг эсвэл хэд хэдэн цуваа цагираг харна. Сүүдэр үүсгэж буй объектын захын орчимд гэрэл дифракц болох үед үүсэх интерференцийн үзэгдэл нь тусдаа гэрэлт зурвасууд үүсэх шалтгаан болдог. Глорийг ажиглах нэг нөхцөл бол онгоцоор аялж байгаад үүлэн далайн дээгүүр нисэх үе юм. Хэрэв онгоц тэр үүлэн давхарга дээр сүүдрээ тусгавал эргэн тойронд нь глорийг харах сайн боломж бидэнд бий. Энэ үзэгдлийг мөн Улоагийн цагираг, тойрог, титэм эсвэл гало гэж нэрлэдэг бөгөөд үүнийг анх шинжлэх ухааны үүднээс тайлбарласан Испанийн далайчин Антонио де Улоа (1716-1795)-гийн нэрэмжит. Нарны эсрэг талын цэг төвтэй тул анселион (anthelion) гэж бас нэрлэдэг.