Дерехо

Хэдэн зуун километр урттай болж, газар дээгүүр хурдан хөдөлдөг хүчтэй шуурганы шугамын дагуу үүсдэг маш хүчтэй, шуургатай салхи. Сүйтгэх хүчтэй эдгээр салхи нь шугамыг бүрдүүлэх аадрын үүлнүүдийн ард үлдээсэн доош чиглэсэн хүчтэй урсгалуудын (downburst) цуваанаас үүсдэг бөгөөд ихэнхдээ мезомасштабын конвектив системтэй холбоотой байдаг. Шуурганы урд талын салхины фронтоос ялгаа нь дерехогийн үед салхи тогтвортой байж, аадрын шугамын ард улам чангардагт оршино. Дерехо нь хар шуурга (торнадо)-тай холбоотой байж болох ба хүчтэй хур тундас болон гэнэтийн үер (flash floods) үүсгэж болно. Энэ нэр томъёог Эль-Ниньо үзэгдлийн адил олон улсад испани хэлээр хэрэглэдэг. Үүнийг анх Германд төрсөн химич Густав Детлеф Хинрихс (1836-1923) 1888 онд American Meteorological Journal сэтгүүлд хэвлүүлсэн өгүүлэлдээ хэрэглэсэн. Тэрээр 1877 оны 7-р сарын 31-ний өдөр АНУ-ын Айова мужид ажигласан, хар шуурга шиг ширүүн боловч өөр шинж чанартай агаар мандлын үзэгдлийг ингэж нэрлэсэн. Хар шуурга өөрийнхөө эргэн тойронд эргэлдэх салхи үүсгэдэг бол дерехогийн үед салхи зөвхөн аадрын шугамын хөдөлж буй чиглэлд "шулуун" (derecho, нэр нь эндээс гаралтай) үлээдэг.