Хур тунадас

Агаар мандлаар, ихэвчлэн үүлнээс буун Дэлхийн гадаргад хүрдэг шингэн эсвэл хатуу фазын усан тоосонцрын олонлогоос бүрдэх гидрометеор. Унаж буй элементийн төрлөөс хамааран бороо, шиврээ бороо, цас, нойтон цас, мөндөр, синарра, алмаазан тоос зэрэг хур тунадасны янз бүрийн хэлбэрийг ангилдаг бөгөөд тэдгээр нь бүгд энэхүү тайлбар толь бичигт өөр өөрийн нэр томьёогоор орсон болно. Өнөө үед бид хур тунадсыг эдгээр метеорын аль нэгний уналттай холбон ойлгодог ч анх, 18-р зуунд энэ нэр томьёог өөр шалтгаанаар хэрэглэж эхэлсэн юм. Тухайн үеийн зарим химич давс усанд уусдагтай адилаар ус агаарт ууссан байдаг гэж үздэг байсан тул борооны дусал үүсэхийг агаар мандалд явагддаг химийн урвалын үр дүнд тунах тундас (precipitate) гэж андуурч ойлгож байв.

Холбогдох нэр томьёо: Гидрометеор