СТИВ (STEVE)
Англи хэлний Strong Thermal Emission Velocity Enhancement гэсэн хэллэгийн товчлол бөгөөд агаар мандлын дээд хэсэгт хааяа тохиолддог, туйлын туяатай зарим талаар төстэй агаар мандлын оптик үзэгдлийн нэр болсон. Энэ нь сунасан, тод, нил ягаан өнгийн гэрэлтэх зурвас бөгөөд энэ үзэгдлийн талаар одоо хүртэл бүрэн хангалттай тайлбар байхгүй. Хиймэл дагуулын өгөгдлөөс STEVE нь 3000°C-аас дээш температуртай, асар хурдтай урсаж буй, 400 гаруй километрийн өндөрт үүссэн, ойролцоогоор 25 км өргөн сунасан бүтцэд хоригдсон плазмаас бүрддэг гэдгийг тогтоож чадсан. Хааяа STEVE нь "picket fence" (хашааны шонгийн) гэж нэрлэгддэг бүтэцтэй төрлийн ногоон өнгийн туйлын туяатай хамт тохиолддог бөгөөд эндээс хоёр үзэгдэл хоорондоо холбоотой гэж дүгнэх боломжтой.